

Лорд Баден Пауэлл гэж хэн бэ?
Дэлхийн Скаутуудын удирдагч Скаутын хөдөлгөөнийг үндэслэгч Лорд Баден Пауэлл нь Английн цэргийн нэрт зүтгэлтэн бөгөөд нийгмийн салбарт ихийг хийж бүтээсэн хүн байв. Баден Пауэлл 1857 онд Лондон хотноо Их сургуулийн Профессор Реверандын хүү болон төрсөн юм. Тэрээр багаас аливаад идэвхи сонирхолтой хүү байсан бөгөөд найзууд ах нартайгаа хамтран хээр аялж, майханд хоноглож, Темза мөрний эрэг дагуу завиар зугаалж өсчээ. Хожим тэрээр тийнхүү аялж байхдаа од эрхсийн хөдөлгөөн, байгалийн юмс үзэгдлийн хэрхэн сонирхон зүй тогтлийг тайлдаг байсан тухайгаа дурдсан байдаг. Өсч том болоод Английн морин цэргийн академид элсэн орж Өмнөд Африкт алба хаахаар явжээ. Тэрээр сахилга сайтай цэрэг байсан тул амархан тушаал дэвшин ахлагч болсон бөгөөд түүний хариуцаж байсан цэргүүд нь бие даах чадвар, сахилга бат муутай, ихэнх цагаа дэмий сэлгүүцэн мөрийтэй тоглоом архи зэрэгт зарцуулж байлаа. Энэ байдлыг өөрчлөхийн тулд залуухан офицер Баден Пауэлл хээр хөдөө байгаль дээр хэрхэн яаж амь зуух тухай, цэргийн сахилга бат зохион байгуулалт тактик зэргийг агуулсан “Тагнуулчдад тусламж” хэмээх номоо бичжээ. Тэр үед Англи Бурын дайны үе байсан бөгөөд тайван бус цагт Баден Пауэлл нь Өмнөд Африкийн Мафекинг хотын цэргийн командлагч болжээ. Нэгэн удаа Мафекинг хот бүслэлтэд өртөн бусад хотуудтай холбоогүй 217 хоносон бөгөөд Баден Пауэлл хотод байсан өсвөр насны хөвгүүдийг цуглуулан цэргийн дүрэмт хувцас тараан өгч зохион байгуулалтад оруулан шөнийн цагаар харуул манаанд гаргах, чухал шаардлагатай объектүүдийг харж хамгаалах, бусад хотуудтай холбоо барих зэргээр ашиглаж байсан нь тухайн хэцүү цагт олон цэргүүдийг эдгээр үүргээс чөлөөлж галын шугам руу татах боломж олгосон юм. Дайны дараа тэдгээр хүүхдүүдийг эх орондоо эргэж ирэхэд нь дайчин алдрын медалиар шагнасан тухай Баден Пауэлл дурдатгалдаа бичсэн байдаг.
Олон жил үргэлжилсэн дайны дараа тэрээр эх орондоо эргэж ирсэн бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө зориулахаар шийдсэн байна. Түүний бичсэн Тагнуулчдад тусламж хэмээх номыг нь өсвөр насны хөвгүүд аялал зуслан зохиох зэрэгтээ ихэд ашиглаж байгааг анзаарсан Баден Пауэлл хүүхдүүд хэрэглэхэд илүү хялбар болгон шинэчлэж “Хөвгүүдийн скаут” нэртэй номоо гаргажээ. 1907 оны 8 сард тэрээр хамаатны болон найз нөхдийнхөө 20 хүүхдийг цуглуулан Английн Өмнөд эргээс холгүй орших “Браунси” арал дээр туршилтын майхант зусланг зохиожээ. Энэ зусланд ирээд хүүхдүүд бүгд өөрсдийн үүргийн дагуу хариуцаж авсан ажлаа бие даан хийж олон зүйлийг сурч мэджээ. Үдшийн цагаар Баден Пауэлл хүүхдүүдийн хамт түүдэг гал тойрон сууж цэрэгт алба хааж байх үеийнхээ хөгжилтэй болон сургамжтай түүхүүдээс ярьж өгдөг байлаа. Энэхүү зуслан маш амжилттай болсноор түүний номыг болон Баден Пауэллыг сонирхсон хүүхэд залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн Скаутын хөдөөн Англи орон даяар түгэн тархжээ.